GGIFF Logo

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам нь Монголын залуу кино уран бүтээлчдийг дэмжих зорилготой кино наадам юм.

Монголчуудын соёл уламжлалын бэлэг тэмдэг Монгол гэрийн хүндэтгэлийн нэр болох өргөө гэдгээс гадна Монголчуудын анхны ЗХУ-с өөр улстай хамтран хийсэнхамгийн анхны өнгөт кино бүтээл болох “Алтан өргөө” (1961) сонгодог бүтээлийн нэрээр бид кино наадмаа нэрлэсэн.

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам нь Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давлагааг түүчээлэх эрхэм зорилгын хүрээнд:

  • Монголд артхаус, эксперименталь кино урлагийг таниулах, хөгжүүлэх

  • Монголын шинэ залуу кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, ямарваа нэг хэв маягт баригдахгүй өөрийн өвөрмөц дуу хоолойгоо олоход нь түлхэц болох

  • Монголын уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх, бага зардлаар агуулга болон гоо зүйн хувьд үнэ цэнтэй кино хийх хүсэл эрмэлзлийг өрдөх

  • Монголын болон олон улсын мэргэжлийн уран бүтээлчдийн дунд гүүр болох 

  • Дотоодын шилдэг кино бүтээлийг олон улсад сурталчлах, олон улсын шилмэл гоо зүйн үнэ цэнтэй киног олон нийтэд таниулах 

  • Олон улсын уран бүтээлчдэд кино наадмаараа дамжуулан Монгол орон болон Монголын кино урлагийн идэвхтэй салбарыг сурталчлах зэрэг зорилгуудыг агуулж байна.

2013 онд Монголын андерграунд кино уралдаан нэрээр анх зохион байгуулагдаж байсан уг наадам 2025 онд 13 дахь удаагаа зохиогдох гэж байна.

Манай кино наадмын өмнөх жилүүдийн хүндэт зочид гэвэл Алтан бөмбөрцөг, Алтан баавгайн шагналт Герман найруулагч Фатих Акин; Алтан баавгайн шагналт Хятад найруулагч Ван Чюанань, Оскарт нэр дэвшигч Америкийн продюсер Аликс Мадиган, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Каннын кино наадмын шагналт Австрийн найруулагч Петер Черкасски, Америкийн найруулагч Ив Хеллер, Каннын кино наадамд сонгогдож байсан Сингапурын кино найруулагч Ү Жүнь Фөн, Польшийн кино зураглаач Артур Журавски зэрэг болон Бусаны кино наадмын хөтөлбөр боловсруулагч асан Ким Ён-ү, Брисбений кино наадмын захирал асан Максин Уильямсон зэрэг мэргэжилтнүүдийг дурдаж болно. Эдгээр зочид манай кино наадмаар сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байв.

2013 оноос хойш Монголын болон олон улсын хэмжээнд 4000 орчим богино хэмжээний бүтээлүүд хүлээн авч уралдаант хэсэгт шалгаруулж тэр дундаас шилдэг бүтээлүүдэд шагнал олгож байв.

©2015-2026 MFI /made by community/